2010.01.26-нд Ерөнхий сайд С.Батболд Клиникийн нэгдүгээр амаржих газрын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ сарын 18-нд гарсан нярайн халдвар болон авч буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү Ерөнхий сайдад танилцуулав. Тэрбээр “Клиникийн нэгдүгээр амаржих газарт халдвар авсан нярайнуудыг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд шилжүүлэн эмчилж байна. Одоо тус төвийн эрчимт эмчилгээний тасагт зургаан нярай байгаагаас гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа. Мөн энэ сарын 14-нөөс хойш эмнэлгээс гарсан 251 нярайг өрхийн эмнэлгийн хяналтад авсан.
Халдвар гарах үед нэгдүгээр амаржих газарт 210 гаруй хүн хэвтэж байсан. Тэдний биед хоёр цаг тутамд үзлэг хийж, халууныг нь үзэж байсан” гэв. Амаржих газрын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан тэнд ариутгал, их засвар хийх ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар ахлуулан томилжээ. Тэрбээр Клиникийн нэгдүгээр амаржих газар засвар хийх шаардлагатай бүх хөрөнгийн тооцоог гаргасан гэдгээ Ерөнхий сайдад танилцуулав.
Уг амаржих газрын барилга нийт таван хэсэгтэй гэнэ. А, Г хэсэгт 364 сая төгрөг, Б хэсгийн засварт тэрбум 150 сая төгрөг, В хэсгийн засварт 519 сая төгрөг, дулааны өргөтгөл засварт 45 сая, гадна шугам сүлжээнд 18 сая, цахилгааны засварт 32 сая төгрөг гээд нийт хоёр тэрбум 138 сая төгрөгийн засвар хийхээр төлөвлөсөн байна. Мөн эмнэлгийн засварын ажлыг гурван сарын хугацаанд хийж дуусгана гэж ажлын хэсгийн ахлагч ярихад Ерөнхий сайд “Ийм богино хугацаанд чанартай хийж чадах уу” хэмээн түүнээс лавлалаа.
Ерөнхий сайд Клиникийн нэгдүгээр амаржих газрын засварыг чанартай хийхийг даалгав
Бичсэн :
Н.Мөнхбат
Saturday, February 20, 2010
0 Сэтгэгдэл үлдээх