Үс ургах болоод унах хэвийн үйл явц?
Ердийн нөхцөлд нийт үсний 10% орчим нь амралтийн байдалтай буюу ургалгүй тайван байдаг. 2-3 сарын дараагаар уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд шинэ үс ургаж эхэлдэг. Энэхүү ургах үйл явц нь 2-6 жилийн хугацаанд үргэлжилдэг. Үс нэг сарын хугацаанд дунджаар 1см хэмжээгээр ургадаг бөгөөд нийт үсний 90% орчим нь идэвхитэй ургаж байдаг.
Өдөр бүр тодорхой хэмжээний үс унаж байх нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын хэсэг юм. Гэсэн хэдий ч зарим хүнд их хэмжээгээр үс унах явдал тохиолддог бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдэд ч тохиолдож болно.
Үс ямар шалтгаанаар их хэмжээгээр унах вэ?
Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг.
Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens andestrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно.
Хүүхэд төрүүлсэнээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь нийт үсийг идэвхитэй ургалтын байдалд шилжүүлдэг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар хэвийн үс унах үйл явц хэвийн үеийн нэгэн адилаар 3 орчим сарын дараанаас эргэн эхэлдэг. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.
Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэхүү байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ зогсооход эргэн хэвийн байдалдаа ордог. Энэхүү эмүүдэд цус шинглэх зарим эм /anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэгддэг эмүүд мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно.
Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдэд үс ихээр унах байдлыг үүсгэнэ. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.
Эцэст нь үс ихээр унах нь биед буй чихрийн шижин гэх мэт бусад суурь өвчнүүдтэй холбоотой байж болно. Нэгэнтээ үс ихээр унах нь эдгээр өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид эрт хандаж үс ихээр унаж буй шалтгааныг илрүүлж эмчлэх нь чухал юм.
Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс эргэн ургана. Гэвч нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.
Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашиглагддаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар соривжилт болон үс уналтыг үүсгэж болдог.
Ердийн халзрал /common baldness/ гэж юу вэ?
Ердийн халзрал гэдэг нэрийн дор ихэвчлэн "эр-хэлбэр"-ийн халзрал өөрөөр хэлбэл "байнгын халзралыг" ойлгодог. Эр-хэлбэрийн халзрал нь эрэгтэйчүүдийн үс уналтын гол шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг.
Эмэгтэйчүүдэд "эмэгтэй-хэлбэр"-ийн үсний халзрал үүсэж болох ба энэ үед үс нь нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.
Үс уналтын үед ямар нэг эмчилгээ бий юу?
Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ бий. Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр солиж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдаглаас болсон үс уналтыг зогсоож болно.
Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандаж эмчилгээг сонгохыг зөвлөж байна.
0 Сэтгэгдэл үлдээх