Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Цусны өвчин

Бичсэн : Н.Мөнхбат Sunday, March 15, 2009

Цусны өвчнийг Уламжлалт анагаах ухаанд цус арвидсан, барагдсан, царцсан гэж 3 ангилан ялгаж үздэг.

Цус арвчидсан өвчний шалтгаан нь цус шар байдаг. 

Нөлөөлөх хүчин зүйл: Халуун хурц чанартай идээ ундаа хэрэглэх, бэртэл гэмтэл авах, биеийн хүчний ажил хэтрүүлэх, зун намар их уурлах, янз бүрийн хордлого, элэг цөсний эмгэг, цус шарын өвөрмөц чанартан зэрэг. 

Эмгэг жам: дээрх шалтгаан, нөхцлөөр халуун чанартай муу цус их хэмжээтэй үүссэний улмаас цус арвидах өвчин үүсдэг байна. 

Илрэх шинж тэмдэг: Өвчтөний толгой дүүрэх, шанааны судас хүчтэй лугших, толгой хүчтэй хатгуулж өвдөх, нүд улайх, нүүр царай борлох, ам хатаж хоолой өвдөх, хамар буйлнаас цус гарах зэрэг.

Цус арвидах өвчнийг шинэ, хуучин 2 хэлбэрт хуваадаг. Шинэ хэлбэрийн цус арвидах өвчин нь голдуу залуу хүмүүст тохиолдоно. Цусны шинэ хэлбэрийн арвидах өвчинд цус шарын халууны шинж илүү хавсарч илэрнэ. Хуучин хэлбэр нь хуучирсан удаан чанартай тул өвчний явц нь ужиг, цус арвидсан шинж нь гол төлөв бадгана хийн хүйтэн шинжтэй хавсарч илэрдэг.

Эмчилгээний зарчим, эмчилгээ: Цусны халууныг арилгах, хий цусны гүйдлийг сайжруулах, тунгалаг цөвийн ялгаралтыг нэмэгдүүлж муу цусны үүсэлтийг багасгах зарчмаар эмчилгээг явуулна. Энэ зорилгоор 3 үр, марчин-13, гүргүм-7, тагтүггүнсил зэрэг эмүүдийг хэрэглэн хануур, самнуур, бумба, гулгуур банк, хүйтэн жин, рашаан зэрэг заслыг хамт хийхэд үр дүнтэй байдаг. 

Цус барагдах өвчний шалтгаан нь цус хий юм.

Нөлөөлөх хүчин зүйл: Гэнэт цус алдах, ходоод болон элгэнд явагдах үйл ажиллагаа алдагдах, хордлогууд, ерөнхий галын илч ба элэг дэлүүний галын илч алдагдсан зэрэг эмгэг жам дээрх шалтгаан нөхцлүүдийн улмааас цусны тамирын үйл ажиллагаа алдагдаж хий махбодь арвидаж хямарснаар энэ өвчин үүсдэг байна. 

Илрэх шинж тэмдэг: Цус барагдах өвчний үед зүрх дэлсэх, амьсгаадах, арьс салст цайх, арьс ширүүн хуурай хүйтэн болох, нойр муудах, толгой эргэх, чих шуугих, гар хөлийн үзүүр ирвэгнэж бадайрч даарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Эмчилгээний зарчим, эмчилгээ: Цусны тамирын боловсролтыг сайжруулах, хийг дарах зарчмаар эмчилгээг явуулна. Үүнд агар-8, сожид, задь-5, тунгалаг-5, 3,4 шимт ясны шөл зэрэг эмийг хэрэглэн Монгол төөнө, халуун сүүн, тосон бариа, 5 рашаанд ороход үр дүн сайтай байдаг. 

Цус царцах өвчний шалтгаан нь цус бадгана юм.

Нөлөөлөх хүчин зүйл: Үүн дээр чийгтэй хүйтэн газар байх, жавар салхинд цохиулах, дороосоо даарах, хөдөлгөөний хомсдол, хооллолтын дэглэм алдагдах, шингэхэд бэрх хоол байнга хэрэглэх зэрэг.

Эмгэг жам: дээрх шалтгаан, нөхцөл нөлөөлснөөр бадгана хүйтэн арвидаж судас сүвийг бөглөх, хий цусны гүйдлийг алдагдуулснаар цус царцах өвчин үүсдэг.

Илрэх шинж тэмдэг: Бүсэлхийнээс доош хүйт оргих, дээшээ хүзүү сэрвээ рүү хөших, хөл ирвэгнэж бадайрах, олон уулзахаар хөших, шээсний гарц ихсэх, хөл пэмбийж хавдах, хүрэн бор тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Эмчилгээний зарчим, эмчилгээ: Хий цусны гүйдлийг сайжруулах, бадгана салсыг хайлуулах зарчмаар эмчилгээг явуулна. Энэ зорилгоор шимшин-6, жамц-3,4, шижид-6, сум мод-4,6 зэрэг эмийг хэрэглэн төөнө, халуун ороолт хийлгэхэд үр дүн сайн байдаг. Дээрх зовиур шинж тэмдэг таньд байгаа бол та манай эмнэлэгт хандан үзүүлж, зөвлөгөө авах боломжтой.

1 Responses to Цусны өвчин

  1. violren Says:
  2. This comment has been removed by the author.  

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив